Чингэлтэй ууланд алхацгаалаа
Чингэлтэй ууланд алхацгаалаа

2021 оны 10-р сарын 9-нд Монголын явган алхалтын холбооны гишүүд Чингэлтэй ууланд гарцгаалаа. Өглөөний шинэхэн цасан дундуур алхагчид шинэ мөр гаргаж, цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалж, хөгжилтэй, зугаатай алхалт хийцгээлээ.

Энэхүү алхалтын хөтөлбөрт Сүхбаатар аймгийн явган алхалтын холбооны гишүүд, дэмжигчид идэвхтэй хамрагдлаа. 

Улаанбаатар хотын баруун хойд талд оршдог бөгөөд далайн төвшнөөс дээш 1831 /1947/ метр өндөр. Алсаас харахад олон шавь нартаа ном айлдаж буй өвгөн багш мэт харагддаг учраас “лам” эзэнтэй уул хэмээдэг. Тийм ч учраас Чингэлтэй уулын энгэр бэлээр шашны өргөө сүм, дуган дацан олноор байгуулагдаж, эрдэм номын нянба бясалгал их хийгддэг байжээ. Тухайлбал 1885 онд Y Богд гэгээн, ван Юндэндорж нар Хайстын аманд жижиг модон байшин бариулж 3 жил орчим суун Нархажид буюу Огторгуйгаар одогч хэмээх бурханы бясалгал үйлдэж, номын чөлөө завсартаа “уйгаржин үсгийн цагаан толгой” зохиожээ. Түүнийг “Дамчайравжаагийн цагаан толгой” хэмээн нэрлэдэг. Түүнээс хойш Их хүрээний олон эрдэмт лам нар бясалгал үйлдэн суужээ.

Чингэлтэй уулын урд бэлээр Гандантэгчилэн, Дамбадаржайлин, Автай сайн хааны өргөө, Гэсэр сүм, Шар орд, Бэтүб хийд, Чойжин ламын сүм зэрэг бурхан шашны оронгууд баригджээ. Их хүрээний манба дацангуудаас зуны сүүл сар, намрын дунд саруудад хоёр удаа эм тангийн цэцэг навч түүхээр Чингэлтэй ууланд майхан саваа базаан гардаг байжээ. Тийм учраас энэхүү уул нь эмийн ургамал төдийгүй бусад ус ургамал жигдэрсэн сайхан нутаг юм.

Зүүн өмнө талаараа Салхит, Хайлааст, Хайст, баруун талаараа Баянцагаан, Сант, Ав өвөр Гүнт, Хожуулын даваа, зүүн талаараа Жигжид, Бумбат, Шадивлан, Суварганы өндөр гэх мэт жижиг том амуудтай. Эдгээр амнуудаас 20 орчим жижиг гол горхи урсан гарч Сэлбийн гол болж улмаар Туул голд цутгадаг. Эдүгээ нийслэлийг тойрон хүрээлэх дөрвөн уулыг тахихдаа Чингэлтэй уулаас эхлэн тахидаг уламжлалтай.