Сонгинохайрхан ууландаа алхацгаав
Сонгинохайрхан ууландаа алхацгаав

Сонгинохайрхан уулнаа өнгөрсөн 7 хоногт алхацгаалаа. Эртний түүхт энэхүү хайрхан ууланд явган алхалтын зам, тэмдэг тэмдэглэгээг нэвтрүүлснээр алхагчдын хувьд илүү тухтай, тодорхой, аюулгүй байдлыг мэдэрсэн гэдэгт итгэлтэй байна.

Улаанбаатар хотын баруун талд Туул голын хойд биед орших далайн төвшнөөс дээш 1662 метр өндөр, тахилгатай, хад асгатай, хайлаас харганатай уул. Гурван шовх оргил нь алсаас сүр бараатай харагддаг. Галт хар үнэг байдаг тул өвөл цасгүйгээр хар өвөлждөг хэмээх домогтой. Эрдэмт лам Лувсанпэрэнлэйжамцын айлдсанаар Сонгинохайрхан уул нь сүрхий догшин, хатуу үйлийг захиж хүсэхэд түргэн бүтээдэг бэлгэдэлтэй хөх үхэр унасан, араа соёо нь зөрсөн, нанчид архинд дуртай хөх өвгөн сахиустай хэмээн айлдсан. Заримдаа цэргийн ноёны дүрд хувирдаг шидтэй өвгөн хэмээнэ.

Өөр нэгэн домгоор бол, Чингис хаан энэ ууланд явж байтал арслан архирах чимээ гарч, хад асга нуран, их эзний өлмийд нэгэн том уулын сонгино өнхрөн ирж тогтсоноор уг уулыг Сонгинохайрхан хэмээн нэрийдсэн гэдэг. Хүрээний айл өрхүүд эртнээс нааш Сонгинохайрхан ууланд идээ цайныхаа дээжийг өргөн, хүслээ даатгаж иржээ.

Түүхийн эрдэмтэн доктор Наваан хайрханы өвөрт байх булшнаас сумын зэв, дуут товруу, алтан чимэг бүхий бүс олсон байдаг. Хайрханы өвөр бэлээр урсах Туул голын дагуу “бургасан сүргийнхэн” хэмээгдэх хэсэг айл амь зуудаг байсан ба бургасан хана, араг савар, уурганы үзүүр, тэмээ, хайнаг, сарлагны дөр мод хийж худалдаалдаг байжээ. Сонгинохайрханы Өгөөмөрийн шар булан хэмээх тохойд Дархан чин ван Дондовдоржийн нутаглах ахуйд II Богд мэндэлсэн түүхтэй. Ардууд Өгөөмөрийн шар тохойд өнгө бүрийн цэцэг дэлгэрнэ, өндөр дээд төрөл язгууртны орд өргөөнд өвгөн хутагт маань мэндэллээ хэмээн дуулдаг байжээ. Хутагтыг мэндэлсний хойно Туулын хойд дэнж дээр Баярт толгой гэдэг газар Уртнасан гавж хоёр жижиг сүм бариулж, чулуугаар 8 суваргыг уран дүрслэлтэй бүтээн залжээ. Нурж баларсан найман суваргыг 1950 онд гэвш Данигай лам авчирч Гандантэгчинлэн хийдийн цагаан суваргыг тойруулан тавьжээ.

Хайрхан уулын энгэр дэх хөх асганд эрт үед зэрлэг улаан сонгино их ургадаг учраас Сонгинот хайрхан гэж нэрлэгдэж байснаа сүүлдээ Сонгинохайрхан болжээ. Сүүлнийх нь үзүүр цав цагаан тас хар жижигхэн хар үнэгийг үзэж харсан хүмүүс мэр сэр байдаг тухай тухай хууч яриа бий.  Тэр үнэг хүн бүрт харагддаггүй, үнэгийг алах нь битгий хэл айлгах тухай бодохыг ч цээрлэдэг. Сонгинохайрханы салбар уулсад тарвага, зурам, үнэг, хярс, мануул, шилүүс, туулай, чоно байдаг ба зудтай жил буга гөрөөс, аргаль янгир нүүдэллэн ирж нутаглах нь бий. Төрөл бүрийн жигүүртэн сойр, ятуу, ууль, шар шувуу, хэрээ, шаазгай, бүргэд,  тас шувуу байсан гэдэг.

Хүрээний дөрвөн уулын дундаас хамгийн догшин хайрхан хэмээгддэг тул ан амьтад, тарвага зурманд нь ч хүрдэггүй байсан гэдэг. Морин уулын гацаа хэмээх газарт нь 1915 онд Богд хаант Монгол улсын үед Оросын хаант засгийн хувийн малын эмч нартай 25 жилийн гэрээ хийж Түшээт хаан, Засагт хаан, Цэцэн хаан аймгийн мал сүргийг эрүүлжүүлэх эм бэлдмэлийн үйлдвэр байгуулах гэрээний дагуу Монголд анх удаа хувийн Оросын мал эмнэлгийн эм бэлдмэлийн үйлдвэр байгуулсан түүхтэй. Эмийн үйлдвэрийн туурь нь Био комбинатын гүүрний хойно Туул голын захад хэсэгхэн товгор газарт байдаг. Бөхөг Түргэний голын сав газарт тариа ногоо тарьж байсан ба энэ хоёр гол нийлэх уулзвараас дээхнэ Сонгинохайрхан уулын баруун үзүүр хавьд Туул голын дэнж дээр хуучин хотын туурь байдаг. Үүнийг Монголын нууц товчоонд хэд хэдэн удаа дурьдсан Хэрэйдийн Ван хан Тоорил зусдаг байсан Туулын хар шугуй дахь Доод нийслэлийн туурь хэмээн үздэг.

Сонгинохайрхан уулын баруун үзүүрийн дээд ам Бурхант уулын зүүн хойд булаг, Булгат хайрханы хажуугийн Дадар Сэвлэг уулын энгэр хавьд эртний хиргисүүр булш олон бий. Дадар уулнаас XII – XIII зууны үед холбогдох язгууртны булшнууд олдсон байна. Туул голын сав Бөхөг Түргэний голын хөндийд 1938 оны үеэс бөмбөгдөгч онгоцны засварын газар, нисэх буудал, цэргийн анги, үйлдвэр үйлчилгээний газар анх Монголд байгуулагдаж байжээ.

Эрдэмт лам Лувсанпэрэнлэйжамцын айлдсанаар Сонгинохайрхан уул нь сүрхий догшин, хатуу үйлийг захиж хүсэхэд түргэн бүтээдэг бэлгэдэлтэй хөх үхэр унасан, араа соёо нь зөрсөн, нанчид архинд дуртай хөх өвгөн сахиустай хэмээн айлдсан. Заримдаа цэргийн ноёны дүрд хувирдаг шидтэй өвгөн хэмээнэ. Хайрхан уулын савдаг өвгөнөөс цэрэгт мордох, дайн байлдаан зэрэг хатуу үйл эрхлэхээр мордож байгаа хүн өөрийн биеийг даатган залбирахад ямар нэгэн гай зэтгэрээс аврагдана хэмээн ард түмэн эрт дээр үеэс сархад, идээний дээж өргөн шүтэж иржээ.